Шүүгчдийн захирч байсан өдрүүдэд тэр нутагт өлсгөлөн болов. Иуда дахь Бетлехемээс нэгэн хүн эхнэр болон хоёр хөвгүүнийхээ хамт Моабын нутаг уруу түр суухаар явав.
РУТ 1;1-22
2 Тэр хүний нэр нь Елимелех бөгөөд эхнэрийнх нь нэрийг Наоми гэдэг байв. Хоёр хөвгүүнийх нь нэрийг Махлон ба Хилион хэмээх бөгөөд тэд Иуда дахь Бетлехемийн ефрат хүмүүс ажээ. Тэд Моабын нутагт орж ирэн, тэндээ үлдэв.
3 Тэгтэл Наомигийн нөхөр Елимелех нас барж, тэрээр хоёр хөвгүүнтэйгээ үлдэв.
4 Тэд өөрсдөдөө Моаб эмэгтэйчүүдийг эхнэр болгон авцгаажээ. Нэгнийх нь нэрийг Орпа, нөгөөгийнх нь нэрийг Рут гэдэг байв. Тэнд тэд арваад жил амьдарчээ.
5 Тэгтэл Махлон, Хилион хоёр хоёул бас нас барав. Ингэж тэр эмэгтэй хоёр хүүхэд болон нөхрөөсөө хагацлаа.
6 ЭЗЭН Өөрийн хүмүүс дээр ирж, хоол хүнс өгч буйг Моабын нутагт сонссон тул тэрээр хоёр бэрийнхээ хамт Моабын нутгаас буцахаар босов.
7 Тиймээс тэр өөртэйгөө хамт хоёр бэрээ авч, байсан газраа орхин одов. Тэгээд тэд Иудагийн нутаг уруу буцахаар замд гарав.
8 Наоми хоёр бэрдээ—Явцгаа. Та хоёр өөр өөрийнхөө эхийн гэрт буцагтун. Та нар нас барагсдад хийгээд надад хандсаны чинь адил ЭЗЭН та нарт энэрэнгүй хандах болтугай!
9 ЭЗЭН та хоёрыг өөрсдийн чинь нөхрийн гэрт амарлингуй байлган соёрхох болтугай хэмээн өгүүлэв. Тэгээд тэр тэднийг үнссэнд тэд дуугаа өндөрсгөн уйлалдав.
10 Тэд түүнд—Гэвч бид заавал таны ард түмэн уруу тантай хамт буцна гэв.
11 Харин Наоми—Буцагтун, охид минь! Яагаад та нар надтай хамт явах ёстой билээ? Та нарын нөхөр болчихоор хөвгүүд миний хэвлийд одоо ч бий гэж үү?
12 Буцагтун, охид минь! Яв. Учир нь би нөхөрт гарахад дэндүү хөгшдөнө. Хэрэв би надад найдвар бий хэмээн хэлж, энэ шөнө нөхөрт гарч, бас хөвгүүд төрүүлсэн ч,
13 тэднийг өстөл нь та нар хүлээх үү? Тэгснээр та нар гэрлэхээс татгалзах уу? Үгүй, охид минь. Яагаад гэвэл энэ нь та нараас илүү надад хүнд байна. Учир нь ЭЗЭНий мутар миний эсрэг байсан юм гэв.
14 Тэд дахин дуугаа өндөрсгөн уйлалдав. Орпа хадам эхийгээ үнсэж, харин Рут түүнд наалдав.
15 Тэгтэл тэр—Харагтун, авьсан чинь өөрийн ард түмэн болон өөрийн бурхад уруугаа буцан явлаа. Бэргэнийхээ араас буц гэв.
16 Харин Рут—Таныг орхиж, таныг дагахаас буцаж эргэхийг надад бүү ятгаач. Учир нь таны явах газар уруу би явна. Таны суух газарт би ч сууна. Таны ард түмэн миний ард түмэн, таны Бурхан миний Бурхан.
17 Таны үхэх газарт би үхнэ. Тэнд би оршуулагдана. Тиймээс хэрэв би үхлээс бусдаар танаас салбал ЭЗЭН намайг хатуу шийтгэх болтугай гэв.
18 Тэр түүнийг өөртэй нь хамт явахаар эрс шийдсэнийг хараад түүнд дахин юу ч өгүүлсэнгүй.
19 Тэгээд тэд хоёулаа Бетлехемд хүрч иртлээ явав. Тэднийг Бетлехемд иртэл бүх хотынхон тэднээс болж хөл үймээн болон, эмэгтэйчүүд нь—Энэ чинь Наоми мөн үү? гэлцэв.
20 Тэрээр тэдэнд—Намайг Наоми гэж битгий дууд. Учир нь Төгс хүчит Нэгэн надад хэрцгий хандсан тул намайг Мара хэмээн дууд.
21 Би дүүрэн гарч явсан боловч, ЭЗЭН намайг хоосон буцааж авчрав. Нэгэнт ЭЗЭН миний эсрэг гэрчилж, Төгс хүчит Нэгэн намайг зовоосон тул та нар юунд намайг Наоми гэж дуудна вэ? гэлээ.
22 Тэгээд Моабын нутгаас эргэж ирсэн Наоми өөрийн бэр моаб эмэгтэй Руттай ирэв. Тэд арвай хурааж эхэлсэн үед Бетлехемд ирэв.
аомид нөхрийнх нь хамаатан болох их баян хүн байжээ. Тэр хүн Елимелехийн ургийнх бөгөөд нэрийг нь Боаз гэдэг байв.
РУТ 2;1-23
2 Моаб эмэгтэй Рут Наомид—Намайг тариан талбай уруу явуулаач. Би тааллыг нь олж болох нэгний араас явж, хаягдсан тариан түрүүг түүе гэхэд тэр түүнд—Охин минь, яв! гэж хэлэв.
3 Тийнхүү тэр явж, тариа хадагчдын араас тариан талбайд хаягдсан түрүүг түүв. Тэрээр санаандгүй Елимелехийн ургийн Боазын тариан талбайн хэсэг дээр ирчихсэн ажээ.
4 Харагтун, Боаз Бетлехемээс ирж, тариа хадагчдад—ЭЗЭН та нартай хамт байх болтугай гэхэд тэд—ЭЗЭН таныг ивээх болтугай хэмээн хариулав.
5 Тэгээд Боаз тариа хадагчдыг хариуцсан зарцдаа—Энэ хэний бүсгүй вэ? гэв.
6 Тариа хадагчдыг хариуцсан зарц—Тэр бол Моабын нутгаас Наомитай хамт буцаж ирсэн Моаб эмэгтэй юм.
7 Тэр эмэгтэй “Тариа хадагчдын араас юүжилсэн тариан дунд хаягдсан түрүүг түүж цуглуулахыг надад зөвшөөрөөч” гэж хэлээд ийнхүү ирээд, өглөөнөөс одоо хүртэл байсан. Тэр гэрт түр зуур л сууж байна гэв.
8 Тэгээд Боаз Рутад—Охин минь, анхааралтай сонс. Түрүүг түүх гэж өөр тариан талбай уруу бүү яв. Эндээс битгий яв. Харин эндээ миний шивэгчидтэй үлд.
9 Чи тэдний хадах талбайг харж, араас нь яв. Би зарц нартаа чамд хүрч болохгүй гэж тушаасан. Чи ундаасахаараа усны сав уруу очиж зарц нарын утгасан уснаас уу! гэв.
10 Тэр эмэгтэй нүүрээрээ унан, газарт хүртэл бөхийн, түүнд—Би харь хүн атал яагаад таны тааллыг олж, та намайг анзаарна вэ? гэв.
11 Боаз хариулж, түүнд—Нөхрийгөө нас барсны дараа чиний хадам эхдээ хийсэн бүгдийг, мөн хэрхэн эцэг эх хийгээд төрсөн нутгаа орхин, урьдаас мэдээгүй ард түмэн дээр ирсэн тухай чинь надад бүрэн мэдэгдсэн.
12 ЭЗЭН чиний ажлыг шагнах болтугай. Израилийн Бурхан ЭЗЭНээс ирэх шагнал нь дүүрэн байх болтугай! Түүний далавчин дор чи хоргодох газар хайн иржээ гэв.
13 Тэгэхэд тэр—Хэдийгээр би таны шивэгчдийн нэгтэй ч эн зэрэгцэхгүй боловч та намайг тайтгаруулж, шивэгчин надтай үнэхээр элэгсгээр ярьсан тул эзэн минь таны өмнө би тааллыг тань олов гэж өгүүлэв.
14 Хоолны цагт Боаз түүнд—Нааш ирж, талхнаас идэн, талхаа цуунд дүрэгтүн гэсэнд тэрээр тариа хадагчдын дэргэд суув. Боаз түүнд хуурсан буудай өгсөнд тэр идэж цадаад, заримыг нь үлдээв.
15 Түүнийг хаягдсан түрүүг түүхээр босоход Боаз зарц нартаа тушаан ийн өгүүлэв.—Тэр юүжилсэн тариан дунд ч хаягдсан түрүүг түүг! Түүнийг бүү доромжлоорой!
16 Мөн түүнд зориулан боодлуудаас зориуд хэсэг түрүүг сугалан, түүнд түүлгэхээр орхи! Түүнийг бүү зэмлэ гэв.
17 Ингээд тэрээр үдэш болтол тариан талбайд хаягдсан түрүүг түүв. Дараа нь тэр түүсэн тариагаа цохиход нэг ефа арвай болов.
18 Тэр түүнийг авч, хот уруу явж, хадам эх нь түүний түүснийг нь харав. Тэр мөн идэж цадаад үлдээсэн зүйлээ гаргаж хадам эхдээ өгөв.
19 Хадам эх нь түүнд—Чи өнөөдөр хаанаас түүв? Чи хаана ажилласан бэ? Чамайг ажигласан тэр хүн ерөөгдөх болтугай гэв. Ингээд тэр хэнтэй ажилласан тухайгаа хадам эхдээ ярьж,—Өнөөдөр хамт ажилласан тэр хүний нэрийг Боаз гэдэг хэмээн өгүүлэв.
20 Наоми бэрдээ—ЭЗЭН түүнийг ивээх болтугай! Тэрээр амьд хийгээд үхэгсдэд энэрэл үзүүлэхээ зогсдоггүй гэж хэлэв. Тэгээд Наоми түүнд дахин—Тэр хүн бол бидэнд ойрын хүн бөгөөд бас өвийг золин авах эрх бүхий бидний хамаатны нэгэн юм гэв.
21 Тэгтэл Моаб эмэгтэй Рут—Тэр хүн бас “Миний зарц нар бүх ургацыг хурааж дуусах хүртэл тэдний хажуугаас бүү холдогтун” гэж надад хэлсэн гэв.
22 Наоми өөрийн бэр Рутад—Охин минь, тэр хүний шивэгчидтэй хамт гарах нь сайн юм. Эс тэгвээс өөр тариан талбайд хүмүүс чамд хор учруулах вий гэв.
23 Тийнхүү тэрээр арвай болон буудай хураалтыг дуустал хаягдсан түрүүг түүхийн тулд Боазын шивэгчдийн дэргэдээс холдсонгүй. Тэгээд тэр хадам эхтэйгээ хамт амьдрав.
адам эх Наоми нь түүнд—Охин минь, би чамд амрах газар олж, чамайг сайн сайхан байлгах ёстой биш үү?
РУТ 3;1-18
2 Чиний шивэгчдийнх нь хамт байсан Боаз манай хамаатан биш үү? Өнөө орой тэр хүн үтрэмд арвай шигшинэ.
3 Тиймээс чи биеэ угаан, тослоод, хамгийн гоё хувцсаа өмсөн, үтрэм уруу оч! Гэвч тэр хүнийг идэж, ууж дуустал өөрийгөө түүнд бүү таниул.
4 Түүнийг хэвтэхэд нь чи түүний хэвтэж буй газрыг ажиглаад, явж түүний хөл хавийг нь сөхөөд хэвт! Дараа нь тэр чамд юу хийхийг чинь хэлэх болно гэхэд
5 тэр түүнд—Таны хэлсэн бүгдийг би хийнэ гэв.
6 Тэрээр үтрэм уруу очиж, хадам эхийнхээ хэлсэн бүгдийг хийв.
7 Боаз идэж уугаад, зүрх нь хөгжилтэй болоход овоолсон тарианы захад очин хэвтэв. Рут сэмхэн ирж хөл хавийг нь сөхөөд хэвтэв.
8 Шөнө дундын үед тэр хүн цочиж, урагшаа бөхийтөл нэгэн эмэгтэй хөлд нь хэвтэж байв.
9 Тэрээр—Чи хэн бэ? гэхэд тэр—Би таны шивэгчин Рут байна. Та ойрын хамаатан учир бүтээлгээ шивэгчнийхээ дээгүүр дэлгээч гэв.
10 Тэгтэл тэр—Охин минь, чамайг ЭЗЭН ивээх болтугай! Чи ямар ч баян, ядуу залуусын араас явсангүй. Ингэснээрээ чиний сүүлчийн энэрэл эхнийхээс чинь илүү дээр болохыг чи харууллаа.
11 Одоо охин минь, бүү ай! Чиний хэлсэн бүгдийг би чиний төлөө хийнэ. Учир нь хотын бүх хүн чамайг онцгой сайн эмэгтэй гэдгийг мэднэ.
12 Би ойрын хамаатан гэдэг нь үнэн. Гэлээ ч надаас илүү ойрын хамаатан бий.
13 Энэ шөнө эндээ үлд. Өглөө болоход хэрэв тэр хүн чиний төлөө өвийг золин авбал сайн. Тэр чиний төлөө өвийг золин аваг. Харин тэр чиний төлөө өвийг золин авахыг хүсэхгүй бол би чиний төлөө өвийг золин авна гэдгээ ЭЗЭНий амьд буйгаар тангараглая. Өглөө болтол хэвт гэв.
14 Тиймээс тэр өглөө болтол түүний хөлд хэвтлээ. Тэгээд Рут хүмүүс бие биеэ танихаас өмнө харанхуйгаар босов. Тэр—Энэ эмэгтэйг үтрэмд ирснийг мэдэгдэж болохгүй гэв.
15 Тэр дахин—Өөрт буй нөмрөгөө надад өгөөд барь гэж хэлэв. Тэгээд түүнийг барихад зургаан хэмжүүр арвай хэмжиж, түүнд үүрүүлэв. Ингээд тэр хот уруу явлаа.
16 Тэгээд түүнийг хадам эх дээрээ ирэхэд тэр—Охин минь, ямар болов? гэхэд мөнөөх хүний өөрт нь юу хийсэн бүгдийг Рут түүнд хэлэв.
17 Тэгээд Рут—Тэр хүн “Чи хадам эхдээ гар хоосон очиж болохгүй” хэмээн өгүүлээд энэ зургаан хэмжүүр арвайг надад өгөв гэв.
18 Тэгэхэд хадам эх нь—Охин минь, энэ хэрэг хэрхэн дуусахыг мэдэх хүртэл хүлээ! Учир нь тэр хүн өнөөдөр үүнийг шийдэхээс нааш амрахгүй гэв.
оаз дааман хаалган дээр очиж, тэнд суухад Боазын өгүүлсэн мөнөөх ойрын хамаатан өнгөрч явах нь харагдав. Тэр түүнд—Найз минь ирээд энд суу гэв. Тэр ирж суув.
РУТ 4;1-22
2 Тэгээд тэр хотын ахлагчдаас арван хүнийг авчран—Энд суугтун хэмээн өгүүлсэнд тэд сууцгаав.
3 Тэгээд тэр хамгийн ойрын хамаатанд хандан—Моабын нутгаас буцаж ирсэн Наоми нь бидний ах дүү болох Елимелехийн хэсэг талбайг худалдах ёстой.
4 Тиймээс би чамд мэдэгдье гэж бодоод “Энд сууж буй хүмүүсийн өмнө болон миний ардуудын ахлагчдын өмнө түүний өвийг золин авагтун. Хэрэв чи түүний өвийг золин авъя гэвэл түүнийг авагтун. Харин үгүй бол надад хэлээрэй! Би мэдье. Учир нь чамаас өөр өвийг нь золин авах хүн байхгүй. Би чиний дараагийнх юм” хэмээв гэхэд тэр—Би өвийг нь золин авна гэв.
5 Тэгтэл Боаз—Чи Наомийн гараас тариалангийн талбайг золин авах тэр өдөртөө, мөн нас барагчийн нэрийг түүний өвд өргөхийн тул нас барагчийн бэлэвсэн эхнэр буюу Моаб эмэгтэй Рутыг авах ёстой гэв.
6 Хамгийн ойрын хамаатан—Би өөртөө өвийг нь золин авч чадахгүй. Эс бөгөөс би өөрийнхөө өвийг сүйрүүлнэ. Чи өөртөө үүнийг зольж ав. Чи миний золин авах эрхийг авч болно. Учир нь би үүнийг золин авч чадахгүй гэв.
7 Израильд урьдын цагт золин авах болон газар солилцох талаар ямар нэгэн хэргийг батлахдаа ийм заншилтай байв. Нэг нь шаахайгаа тайлж, нөгөөдөө өгдөг байв. Энэ нь Израильд баталгаатай болгох арга байв.
8 Тэгээд өвийг золигч нь Боазд—Чи өөртөө үүнийг золин авагтун хэмээн өгүүлээд шаахайгаа тайлав.
9 Тэгтэл Боаз ахлагчид хийгээд хамаг ардад—Өнөөдөр би Наомийн гараас Елимелех болон Хилион, Махлон нарт харьяалагдах бүхнийг худалдан авсны гэрч нар нь та нар юм.
10 Бас нас барсан хүний нэрийг өвд нь үлдээхийн тулд би Махлоны бэлэвсэн эхнэр Моаб эмэгтэй Рутыг өөрийн эхнэр болгон авав. Ингэснээр нас барсан хүний нэр нь ах дүү нараасаа болон төрсөн газрынхаа хашаанаас таслагдахгүй юм. Өнөөдөр та нар гэрч нар гэв.
11 Хашаан дотор байсан бүх ардууд болон ахлагчид—Бид гэрч нар мөн. Чиний гэрт орж ирж буй тэр эмэгтэйг ЭЗЭН Израилийн гэрийг босгогч Рахел, Леа хоёрын адил болгох болтугай. Чи Ефратад эд баялаг олж, Бетлехемд алдарших болтугай.
12 Мөн ЭЗЭНий энэ залуу эмэгтэйгээр өгөх үр удмаар дамжуулан гэр чинь Тамараас Иудад төрүүлсэн Перезийн гэр адил болох болтугай гэв.
13 Ингээд Боаз Рутыг авч, тэр эмэгтэй түүний эхнэр болов. Боаз түүн уруу орсонд ЭЗЭН түүнд үр тогтоон өглөө. Тэгээд тэр хүү төрүүлэв.
14 Тэгтэл эмэгтэйчүүд Наомид—Чамайг өнөөдөр өвийг золигчгүйгээр орхиогүй ЭЗЭН магтагдах болтугай! Тэгээд түүний нэр Израильд алдарших болтугай!
15 Тэр нь мөн танд амьдралыг сэргээгч, өндөр насны тань тэтгэгч байх болтугай. Учир нь танд хайртай бэр чинь түүнд хүү төрүүлж өгөв. Рут танд долоон хөвгүүнээс ч илүү дээр билээ гэцгээв.
16 Тэгээд Наоми хүүхдийг авч, өвөр дээрээ хэвтүүлээд түүнийг асрах болов.
17 Хөрш эмэгтэйчүүд нь—Наомид хүү төрөв хэмээн өгүүлэлдэж, түүнд нэр өгөв. Тэгээд тэд түүнийг Обед хэмээн нэрлэв. Тэр бол Давидын эцэг болох Иессийн эцэг юм.
18 Перезийн удам угсаа нь энэ юм. Перезд Хезрон төрсөн билээ.
19 Хезронд Рам, Рамд Амминадаб,
20 Амминадабт Нахшон, Нахшонд Салмон,
21 Салмонд Боаз, Боазд Обед,
22 Обедод Иесси, Иессид Давид төржээ.