ээгүүр Өнгөрөх Баяраас өмнө Есүс энэ ертөнцөөс салж Эцэг уруугаа очих цаг нь болсныг мэдээд, дэлхийд байгаа Өөрийн хүмүүсийг хайрлан, тэднийг эцэст нь хүртэл хайрлав.
ИОХАН13;1-38
2 Оройн зоогийн үеэр Есүсийг бариулах санааг Симоны хүү Искариотын Иудасын зүрхэнд диавол хэдийн хийсэн байлаа.
3 Эцэг нь бүх юмаа Өөрийнх нь мутарт өгснийг болон Бурханаас ирээд Бурхан уруу буцан явж байгаагаа Есүс мэдээд,
4 зоогийн ширээнээс босож, гадуур хувцсаа тайлаад, алчуур авч бүслэв.
5 Тэгээд саванд ус хийж, шавь нарынхаа хөлийг угаагаад, бүсэлсэн алчуураараа арчиж эхлэв.
6 Есүс Симон Петр уруу ирэхэд Петр Түүнд—Эзэн, Та миний хөлийг угаах гэж үү? гэв.
7 Есүс түүнд хариулан—Чи Миний юу хийж байгааг одоо мэдэхгүй. Харин чи хожим ойлгоно гэлээ.
8 Петр Түүнд—Та миний хөлийг хэзээ ч угаахгүй шүү гэсэнд Есүс—Хэрэв Би чамайг угаахгүй бол чи Надад хамаагүй болно гэлээ.
9 Тэгтэл Симон Петр Түүнд—Эзэн, зөвхөн хөлийг минь ч биш, бас гар, толгойг минь угаагаач гэж хэлэв.
10 Есүс—Биеэ угаасан хүн хөлөө л угаах хэрэгтэй. Тэгвэл гүйцэд цэвэрхэн байна. Та нар цэвэр байна. Гэхдээ та нар бүгдээрээ биш шүү гэлээ.
11 Учир нь Есүс Өөрийг нь барьж өгөх нэгнийг мэдэж байсан тул “Та нар бүгдээрээ цэвэр биш шүү” гэж айлджээ.
12 Тэгээд Тэр тэдний хөлийг угаасны дараа гадуур хувцсаа авч, дахин тухлан суугаад тэдэнд—Та нарт Би юу хийж өгснийг мэдэж байна уу?
13 Та нар Намайг Багш, Эзэн гэж дууддаг. Та нар зөв ярьж байна. Учир нь Би үнэхээр мөн.
14 Тэгвэл Би Эзэн, Багш байтлаа та нарын хөлийг угаасан бол та нар мөн нэг нэгнийхээ хөлийг угаах ёстой.
15 Учир нь Миний та нарт юу хийснийг та нар бас хийх хэрэгтэй гэж Би ийм жишээ үзүүлсэн юм.
16 Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Боол нь эзнээсээ агуу биш, мөн илгээгдэгч нь илгээгчээсээ агуу биш юм.
17 Хэрэв та нар эдгээрийг мэдэж, үйлдвэл ерөөлтэй.
18 Би та нарын бүгдийн чинь тухай яриагүй. Сонгосон нэгнээ Би мэднэ. Харин энэ нь “Миний талхыг идэгч нь Миний эсрэг өсгийгөө өргөв” гэж бичигдсэн Судрыг биелүүлэхийн тулд юм.
19 Үүнийг биелэхээс өмнө Би одооноос та нарт ярьж байна. Энэ нь биелэх үед “Би байдаг” гэдэгт та нарыг итгүүлэхийн тулд билээ.
20 Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Миний илгээдэг хэнийг боловч хүлээн авч буй хүн Намайг хүлээн авдаг. Намайг хүлээн авдаг хүн Намайг Илгээгчийг хүлээн авдаг гэж айлдлаа.
21 Есүс эдгээрийг хэлээд, сүнс нь шаналж эхлэн, гэрчилж—Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Та нарын нэг Намайг барьж өгнө гэлээ.
22 Түүний хэний тухай ярьж буйг мэдэх гэж гайхшран, шавь нар нь бие бие уруугаа харж эхлэв.
23 Түүний шавь нарын нэг болох Есүсийн хайрласан хүн Есүсийн цээжийг налаад сууж байлаа.
24 Тэгтэл Симон Петр түүн уруу дохиж,—Түүний хэний тухай хэлж байгааг бидэнд хэлээч гэв.
25 Тэр Есүсийн цээжийг налсан хэвээр—Эзэн, тэр хэн юм бэ? гэсэнд
26 Есүс—Энэ талхыг Би дүрээд хэнд өгнө, тэр хүн нь мөн гэж айлдаад, талхны хэлтэрхийг дүрж [аваад] Искариотын Симоны хүү Иудаст өгчээ.
27 Дараа нь түүнд Сатан шүглэв. Тэгтэл Есүс Иудаст—Чи хийх гэж байгаа юмаа түргэн хий гэлээ.
28 Харин тухлан суугчдын хэн нь ч Есүсийн юуны улмаас тэгж хэлснийг мэдсэнгүй.
29 Зарим нь Иудаст мөнгөний хүүдий байсан тул Есүс түүнд “Баярт зориулан бидэнд хэрэгтэй юмыг худалдан ав” эсвэл, “Ядууст ямар нэгэн юм өг” гэсэн байх гэж боджээ.
30 Тэгээд Иудас талхны хэлтэрхийг аваад тэр даруй гарч явлаа. Тэгэхэд шөнө байв.
31 Иудасыг гарсны дараа Есүс—Одоо Хүний Хүү алдаршлаа. Бурхан Түүгээр алдаршлаа.
32 [Хэрэв Бурхан Түүгээр алдаршсан бол] Бурхан Өөрийнхөө дотор Түүнийг бас алдаршуулна. Даруй Түүнийг алдаршуулна.
33 Бяцхан хүүхдүүд ээ, Би та нартай хамт хоромхон зуур байна. Та нар Намайг хайх болно. Би иудейчүүдэд “Би хаашаа явна, тийшээ та нар ирж чадахгүй” гэж хэлснийхээ адил одоо мөн та нарт хэлж байна.
34 Би та нарт бие биеэ хайрлагтун, Би та нарыг яаж хайрласны адил та нар мөн бие биеэ хайрлагтун гэсэн шинэ тушаал өгч байна.
35 Хэрэв та нар бие биеэ хайрлах юм бол үүгээр чинь бүх хүн та нарыг Миний шавь нар мөн гэдгийг мэдэх болно гэж хэллээ.
36 Симон Петр Түүнд—Эзэн, Та хаашаа явах юм бэ? гэхэд Есүс—Миний явах газар уруу чи одоо Намайг дагаж чадахгүй. Харин чи хожим дагана гэлээ.
37 Петр Түүнд—Эзэн, би Таныг яагаад одоо дагаж чадахгүй гэж? Би Таны төлөө амиа зориулъя гэж хэлэхэд
38 Есүс—Миний төлөө чи амиа зориулна гэж үү? Үнэнээр, үнэнээр Би чамд хэлье. Тахиа донгодохоос өмнө чи Намайг гурван удаа үгүйсгэх болно.
а нар зүрхээ бүү зовоо. Бурханд итгэ, мөн Надад итгэ.
ИОХАН14;1-31
2 Миний Эцэгийн гэрт орон байр олон бий. Хэрэв тийм биш байсан бол Би та нарт хэлэх байсан. Би та нарт орон байр бэлдэхээр явна.
3 Хэрэв Би явж та нарт орон байр бэлдвэл, дахин ирж, та нарыг Өөртөө авна. Би хаана байна, та нар мөн тэнд байх болно.
4 [Миний] явах газарт очих замыг та нар мэднэ гэж айлдав.
5 Томас Түүнд—Эзэн, бид Таны хаашаа явахыг мэдэхгүй. Бид тэр замыг яаж мэдэх вэ? гэсэнд
6 Есүс—Би бол зам, үнэн, амь мөн. Хэн ч Надаар дамжилгүйгээр Эцэгт хүрэхгүй.
7 Хэрэв та нар Намайг мэдсэн бол Миний Эцэгийг ч мөн мэдэх байсан. Одооноос эхлэн та нар Түүнийг мэдэж, Түүнийг харлаа гэлээ.
8 Филип Түүнд—Эзэн, бидэнд Эцэгээ харуулаач. Энэ л бидэнд хангалттай гэв.
9 Есүс—Би та нартай ийм удаан хамт байхад, чи Намайг таньсангүй гэж үү, Филип ээ? Намайг харсан хүн Эцэгийг харсан. Гэтэл “Бидэнд Эцэгээ харуулаач” гэж чи яаж хэлнэ вэ?
10 Би Эцэгийн дотор, Эцэг Миний дотор байгаа гэдэгт чи итгэхгүй байна уу? Миний та нарт хэлж байгаа үгсийг Би Өөрийн санаагаар хэлээгүй. Харин Миний дотор оршигч Эцэг Өөрийнхөө ажлуудыг хийж байгаа юм.
11 Би Эцэгийн дотор, Эцэг Миний дотор байгаа гэдэгт Надад итгэгтүн. Эс бөгөөс үйлсийн учир итгэгтүн.
12 Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Надад итгэдэг хүн Миний хийдэг ажлуудыг бас хийх бөгөөд эдгээрээс агуу ажлуудыг ч хийх болно. Яагаад гэвэл Би Эцэгтээ очно.
13 Та нар Миний нэрээр юуг ч гуйсан, Эцэг Хүүгээрээ алдаршуулагдахын тулд Би түүнийг хийнэ.
14 Хэрэв та нар Миний нэрээр юуг ч Надаас гуйвал, Би түүнийг чинь хийнэ.
15 Хэрэв та нар Намайг хайрладаг бол, Миний тушаалуудыг сахь.
16 Би Эцэгээсээ гуйхад, Тэр та нарт өөр Туслагчийг өгнө. Тэр нь та нартай үүрд хамт байна.
17 Тэр бол үнэний Сүнс мөн бөгөөд Түүнийг харахгүй, мэдэхгүйгээсээ болж, ертөнц Түүнийг хүлээж авч чадахгүй. Харин та нар Түүнийг мэднэ. Яагаад гэвэл Тэр та нартай хамт үргэлж байх бөгөөд та нарын дотор байна.
18 Би та нарыг өнчрүүлж орхихгүй. Би та нар уруу ирнэ.
19 Хэсэг хугацааны дараа ертөнц Намайг дахиж харахгүй. Харин та нар Намайг харна. Яагаад гэвэл Би амьд байна. Та нар ч амьд байна.
20 Би Өөрийн Эцэг дотор, та нар Миний дотор, Би та нарын дотор байхыг та нар тэр өдөр мэдэх болно.
21 Миний тушаалуудыг сахидаг хүн Намайг хайрлагч мөн. Намайг хайрладаг хүн Миний Эцэгт хайрлагдана. Би тэр хүнийг хайрлаж, Өөрийгөө түүнд илчилнэ гэж хэллээ.
22 Иудас (Искариотын биш) Түүнд—Эзэн, Та бидэнд Өөрийгөө илчлэх атлаа яагаад ертөнцөд илчлэхгүй юм бэ? гэж асуухад
23 Есүс—Хэрэв хэн нэг нь Намайг хайрлавал, тэр хүн Миний үгийг сахина. Миний Эцэг түүнийг хайрлана. Бид тэр хүн уруу очиж, түүнтэй хамт Өөрсдийн орон байраа байгуулна.
24 Намайг хайрладаггүй хүн Миний үгийг сахидаггүй. Та нарын сонсож байгаа үг Минийх биш, харин Намайг илгээсэн Эцэгийнх билээ.
25 Би та нартай хамт байхдаа энэ бүгдийг хэллээ.
26 Харин Туслагч буюу Миний нэрээр Эцэгийн минь илгээх Ариун Сүнс та нарт бүх зүйлийг заах бөгөөд Миний та нарт хэлсэн бүгдийг сануулах болно.
27 Амар амгаланг Би та нарт үлдээнэ. Би Өөрийн амар амгалангаа та нарт өгнө. Ертөнцийн өгдгөөс өөр юмыг Би та нарт өгч байна. Та нар зүрхээ бүү зовоо. Бүү ай.
28 “Би яваад, та нар уруу ирнэ” гэж Миний хэлснийг та нар сонслоо. Хэрэв та нар Намайг хайрласан бол Эцэгтээ очиж байгаад минь баярлах байсан. Яагаад гэвэл Эцэг Надаас илүү аугаа юм.
29 Энэ нь тохиолдох үед та нарыг итгүүлэхийн тулд үүнийг тохиолдохоос өмнө та нарт Би одоо хэллээ.
30 Би та нартай олон юм дахиж ярихгүй. Учир нь ертөнцийн захирагч ирж байна. Түүний юу нь ч Миний дотор байхгүй.
31 Харин Би Эцэгээ хайрлаж, Эцэгийн Надад тушаасан ёсоор хийдгээ ертөнцөд мэдүүлнэ. Босоцгоо. Эндээс явцгаая.
и бол усан үзмийн жинхэнэ мод, Эцэг минь усан үзэм тариалагч билээ.
ИОХАН15;1-27
2 Миний дотор байгч жимс ургуулдаггүй мөчир бүрийг Тэр авч хаяна. Жимс ургуулдаг мөчир бүрийг их жимстэй болгохын тулд Тэр тайрч арчилдаг.
3 Миний хэлсэн үгнээс болж та нар хэдийн цэвэр болжээ.
4 Миний дотор байгтун. Би ч та нарын дотор байна. Усан үзмийн модонд холбогдохгүй юм бол мөчир өөрөөсөө жимс ургуулж чадахгүйн адил хэрэв та нар Миний дотор байхгүй бол тийм байх болно.
5 Би бол усан үзмийн мод, та нар бол мөчрүүд. Хүн Миний дотор байж, Би мөн түүний дотор байвал, тэр хүн их жимс ургуулна. Учир нь Надаас салангид байвал та нар юу ч хийж чадахгүй.
6 Хэрэв хэн нэг нь Миний дотор байхгүй бол мөчир мэт хаягдаж, хувхайрна. Хүмүүс тэдгээр мөчрүүдийг түүж, галд хаяхад шатна.
7 Хэрэв та нар Миний дотор, Миний үгс та нарын дотор байвал та нар юу хүссэнээ гуй. Тэгвэл та нарын төлөө биелэх болно.
8 Та нарын их жимс ургуулснаар Эцэг минь алдаршуулагдана. Ийнхүү та нар Миний шавь нар байх болно.
9 Эцэг Намайг яаж хайрласан шиг Би бас та нарыг хайрласан. Миний хайр дотор байгтун.
10 Би Эцэгийнхээ тушаалыг сахиж, Түүний хайр дотор байдгийн адил, та нар Миний тушаалыг сахивал Миний хайр дотор байх болно.
11 Миний баяр баясгалан та нар дотор байж, та нарын баяр баясгалан нь дүүрэн болохын тулд энэ бүхнийг Би та нарт хэлэв.
12 Би та нарыг яаж хайрласан шиг та нар бие биеэ хайрлагтун. Энэ бол Миний тушаал.
13 Нөхдийнхөө төлөө амиа зориулахаас өөр агуу хайр байхгүй.
14 Хэрэв та нар Миний тушаасныг хийвэл, та нар Миний нөхөд мөн.
15 Би та нарыг боолууд хэмээн дахиж дуудахгүй. Учир нь эзнийхээ юу хийж байгааг боол мэддэггүй юм. Харин Би та нарыг анд нөхөд хэмээн дуудав. Учир нь Би Эцэгээсээ сонссон бүхнээ та нарт мэдүүлсэн билээ.
16 Та нар Намайг сонгоогүй, харин Би та нарыг сонгосон. Та нарыг явж, жимс ургуулж, та нарын үр жимс үүрд байгаасай гэсэндээ Би та нарыг томилсон. Ингэснээр Миний нэрээр та нар Эцэгээс юуг ч гуйсан Тэр та нарт өгөх юм.
17 Би та нарт үүнийг тушаая. Та нар бие биеэ хайрлагтун.
18 Хэрэв ертөнц та нарыг үзэн ядвал, та нараас өмнө Намайг үзэн ядсаныг нь мэдэгтүн.
19 Хэрэв та нар ертөнцийнх байсан бол, ертөнц өөрийнхнийгөө хайрлахсан. Харин та нар ертөнцийнх биш, гагцхүү Би та нарыг ертөнцөөс сонгосон юм. Тиймээс ертөнц та нарыг үзэн яддаг.
20 “Боол эзнээсээ илүү агуу биш” гэж Би та нарт хэлснийг санагтун. Хэрэв тэд Намайг хавчсан бол, та нарыг бас хавчих болно. Хэрэв тэд Миний үгийг сахисан бол, та нарынхыг бас сахих болно.
21 Харин тэд Миний нэрээс болж та нарт энэ бүгдийг хийх болно. Учир нь тэд Намайг илгээсэн Нэгэнийг мэдэхгүй юм.
22 Хэрэв Би ирж, тэдэнд хэлээгүйсэн бол, тэд гэм буруугүй байх байсан. Харин одоо тэд өөрсдийн нүгэлд шалтаг байхгүй боллоо.
23 Намайг үзэн яддаг хүн Миний Эцэгийг ч мөн үзэн яддаг.
24 Хэрэв Би өөр хэний ч хийгээгүй ажлуудыг тэдний дунд хийгээгүйсэн бол, тэд гэм буруугүй байх байсан. Харин одоо тэд Намайг болон Эцэгийг минь үзээд, хоёуланг минь үзэн ядаж байна.
25 Харин “Тэд шалтгаангүйгээр Намайг үзэн ядсан” гэж тэдний Хуульд бичигдсэн үг биелэгдэхийн тулд тэд үүнийг үйлдсэн.
26 Би Эцэгээсээ та нар уруу Туслагчийг илгээнэ. Тэр бол Эцэгээс гарах үнэний Сүнс мөн. Тэр ирэхдээ Миний тухай гэрчилнэ.
27 Та нар эхнээсээ Надтай хамт байсан тул бас гэрчилнэ.
а нарыг бүдрэхээс хамгаалахын тулд эдгээр зүйлийг Би та нарт хэллээ.
ИОХАН16;1-33
2 Тэд та нарыг синагогаас хөөнө. Харин та нарыг алах хүн бүр өөрийгөө Бурханд үйлчилж байна гэж бодох цаг ирж байна.
3 Тэд Эцэгийг болон Намайг мэдээгүй учраас тийм юм хийх болно.
4 Тэдний цаг ирэх үед та нарт тэдний тухай ярьсныг сануулахын тулд Би эдгээрийг хэлсэн юм. Би та нартай хамт байсан учир үүнийг та нарт эхлээд хэлээгүй.
5 Харин одоо Би Намайг Илгээгч уруу явж байна. Гэтэл та нарын нэг нь ч Надаас “Та хаашаа явж байна?” гэж асуухгүй байна.
6 Харин Би эдгээрийг та нарт хэлсэн учраас та нарын зүрх сэтгэл уй гашуугаар дүүрэв.
7 Харин Би та нарт үнэнийг хэлж байна. Миний явах нь та нарт хэрэгтэй. Хэрэв Би явахгүй бол Туслагч та нар уруу ирэхгүй. Харин Би явбал Өөрөө Түүнийг та нар уруу илгээнэ.
8 Тэр ирэхдээ нүгэл, зөвт байдал хийгээд шүүлтийн талаар ертөнцийг зэмлэнэ.
9 Нүглийн хувьд, учир нь тэд Надад итгэдэггүй.
10 Зөвт байдлын хувьд, учир нь Би Эцэгтээ очно. Та нар Намайг дахиж харахгүй.
11 Шүүлтийн хувьд, учир нь энэ ертөнцийн захирагч шүүгдсэн юм.
12 Та нарт хэлэх зүйл Надад олон бий ч та нар одоо тэдгээрийг даахгүй.
13 Харин үнэний Сүнс болох Тэр ирэхдээ та нарыг бүх үнэн уруу удирдана. Учир нь Тэр Өөрийн санаагаар биш харин алив сонссон юмаа ярина. Ирэх зүйлийг Тэр та нарт мэдүүлнэ.
14 Тэр Намайг алдаршуулна. Яагаад гэвэл Тэр Минийхийг авч, түүнийгээ та нарт мэдүүлнэ.
15 Эцэгт байгаа бүх юм Минийх. Тиймээс “Тэр Минийхийг авч, түүнийгээ та нарт мэдүүлнэ” гэж Би хэлсэн билээ.
16 Тун удахгүй та нар Намайг цаашид харахгүй. Мөн дахин тун удахгүй та нар Намайг харна гэж айлдлаа.
17 Тэгтэл шавь нарын зарим нь бие биесдээ—“Тун удахгүй та нар Намайг харахгүй. Мөн дахин тун удахгүй та нар Намайг харна”, “Учир нь Би Эцэгтээ очно” гэж Тэр бидэнд юу хэлнэ вэ? хэмээн ярив.
18 Тэгээд тэд—“Тун удахгүй” [гэсэн нь] юу юм бол? Түүний юу яриад байгааг бид мэдэхгүй юм гэлээ.
19 Тэд юм асуухыг хүсээд байгааг Есүс мэдээд—“Тун удахгүй та нар Намайг харахгүй. Мөн дахин тун удахгүй та нар Намайг харна” гэсний талаар та нар хамтдаа тунгаан бодно уу?
20 Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Та нар уйлна, гашуудна. Харин ертөнц баярлах болно. Та нар гунигтай болно. Гэвч гуниг чинь баяр баясгалангаар солигдох болно.
21 Эмэгтэй хүн төрөхдөө гунигладаг. Яагаад гэвэл цаг нь ирсэн юм. Харин хүүхдээ төрүүлэхдээ, ертөнцөд нэгэн хүн мэндэлсэнд баярлан дахиж зовлонгоо санадаггүй.
22 Тиймээс одоо та нар гунигтай байгаа боловч Би та нартай дахин уулзана. Та нарын зүрх баярлана. Та нарын баяр баясгаланг хэн ч та нараас булаахгүй.
23 Тэр өдөр та нар Надаас юуны ч тухай асуухгүй. Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Хэрэв та нар Миний нэрээр Эцэгээс минь юу ч гуйвал Тэр түүнийг чинь өгнө.
24 Одоо болтол та нар Миний нэрээр юу ч гуйгаагүй. Гуйгтун. Та нарын баяр баясгалан дүүрэн болгогдохын тулд та нар хүлээн авна.
25 Энэ бүхнийг Би та нарт зүйрлэлээр ярьсан. Гэвч дахин зүйрлэлээр ярихаа болих цаг ирж байна. Харин Эцэгийнхээ тухай та нарт шууд хэлнэ.
26 Тэр өдөр та нар Миний нэрээр гуйх болно. Би та нарын өмнөөс Эцэгээсээ гуйна гэж байгаа юм биш.
27 Учир нь Эцэг Өөрөө та нарыг хайрладаг. Яагаад гэвэл та нар Намайг хайрласан бөгөөд Бурханаас ирсэн гэдэгт итгэсэн билээ.
28 Би Эцэгээсээ ертөнцөд ирсэн. Би дахин ертөнцийг орхиж, Эцэг уруугаа явна хэмээн айлдлаа.
29 Түүний шавь нар—Одоо Та зүйрлэл ашиглалгүй шууд ярьж байна.
30 Та бүх юмыг мэдэж, хэн ч Таныг шалгаах шаардлагагүй юм гэдгийг бид одоо мэдлээ. Үүгээр чинь бид Таныг Бурханаас ирсэн гэдэгт итгэж байна гэв.
31 Есүс тэдэнд—Та нар одоо итгэж байна уу?
32 Үзэгтүн, та нар тарцгааж, хүн бүр өөр өөрсдийн гэрт харьж Намайг ганцааранг минь орхих цаг ирж байна. Энэ цаг аль хэдийн иржээ. Гэсэн хэдий ч Би ганцаараа биш. Учир нь Эцэг Надтай хамт байдаг.
33 Миний дотор та нарыг амар амгалан байг гэж Би та нарт эдгээр зүйлсийг хэллээ. Ертөнцөд та нар зовлонтой байна. Гэвч зоригтой байгтун. Би ертөнцийг ялсан гэж айлдлаа.