сүс олон түмнийг хараад, уул өөд гарав. Түүнийг суусны дараа шавь нар нь Түүн дээр ирлээ.
МАТАЙ 5;1-48
2 Тэр ам нээн, тэдэнд сургаж эхлэв.—
3 Сүнсэн дотроо ядуу хүмүүс ерөөлтэй еэ! Учир нь тэнгэрийн хаанчлал бол тэднийх юм.
4 Гашуудаж буй хүмүүс ерөөлтэй еэ! Учир нь тэд тайвшрал авах болно.
5 Дөлгөөн хүмүүс ерөөлтэй еэ! Учир нь тэд дэлхийг өвлөн авах болно.
6 Зөвт байдлын төлөө өлсөж цангагч хүмүүс ерөөлтэй еэ! Учир нь тэд хангалуун болох болно.
7 Энэрэнгүй хүмүүс ерөөлтэй еэ! Учир нь тэд өршөөл энэрлийг хүртэх болно.
8 Зүрхэн дотроо цэвэр ариун байгч хүмүүс ерөөлтэй еэ! Учир нь тэд Бурханыг харах болно.
9 Амар тайвныг тогтоогч хүмүүс ерөөлтэй еэ! Учир нь тэд Бурханы хөвгүүд гэж нэрлэгдэх болно.
10 Зөвт байдлын төлөө хавчигдсан хүмүүс ерөөлтэй еэ! Учир нь тэнгэрийн хаанчлал бол тэднийх юм.
11 Надаас болж та нарыг хүмүүс доромжилж, хавчиж, хуурамчаар та нарын эсрэг зүсэн бүрийн хорон мууг ярихад та нар ерөөлтэй еэ!
12 Тэнгэр дэх шагнал тань агуу учир баярлацгаа, мөн баяр хөөртэй байцгаа. Учир нь та нараас өмнө байсан эш үзүүлэгчдийг тэд ийнхүү хавчсан юм.
13 Та нар бол газрын давс. Хэрэв давс амтаа алдвал дахиад яаж давслаг болгох вэ? Энэ нь гадагшаа хаягдаж, хүмүүсийн хөл доор гишгэгдэхээс өөр юунд ч хэрэг болдоггүй.
14 Та нар бол дэлхийн гэрэл мөн. Уулан дээрх хот нуугдаж үл чадна.
15 Хүмүүс дэнлүү асаагаад савны доор тавьдаггүй, харин дэнлүүний суурин дээр тавьдаг. Тэр нь гэрт байгаа бүгдэд гэрлээ тусгадаг билээ.
16 Хүмүүс та нарын сайн үйлсийг хараад, тэнгэр дэх Эцэгийг тань алдаршуулахын тулд та нарын гэрэл тэдний өмнө тийнхүү гэрэлтэг.
17 Хуулийг эсвэл Эш үзүүлэгчдийг хэрэгсэхгүй болгохоор Намайг ирсэн гэж бүү бод. Хэрэгсэхгүй болгохын тулд бус, харин гүйцэлдүүлэхийн тулд Би ирсэн юм.
18 Үнэнээр Би та нарт хэлье, тэнгэр газрыг алга болтол, бүгд биелэгдтэл Хуулиас ганц ч үсэг, ганц ч зураас алга болохгүй.
19 Хэн боловч эдгээр тушаалуудаас хамгийн өчүүхнийг нь ч үл тоомсорлож, бусдад тийн сургавал тэнгэрийн хаанчлалд хамгийн өчүүхэн нэгэн гэгдэх болно. Харин хэн боловч тэдгээрийг сахиж, сургавал тэнгэрийн хаанчлалд агуу нэгэн гэгдэх болно.
20 Би та нарт хэлье, хэрэв та нарын зөвт байдал чинь фарисайчууд болон хуулийн багш нараас илүү гарахгүй л бол, та нар тэнгэрийн хаанчлалд орохгүй.
21 “Хүн алж болохгүй, хүний амийг хөнөөсөн хэн боловч шийтгүүлбэл зохино” гэж эртний хүмүүст айлдсаныг та нар сонссон.
22 Харин Би та нарт хэлье, ах дүүдээ хилэгнэгч алив хүн шүүхийн өмнө буруутай. Ах дүүгээ “Хоосон толгой” гэж хэлсэн хэн боловч зөвлөлийн өмнө буруутай. “Мунхаг” гэж хэлсэн хэн боловч галтай тамд орохоор хангалттай буруутгагдах болно.
23 Иймээс, хэрэв чи тахилын ширээнд өргөл өргөх гэж байхдаа чиний эсрэг ямар нэг юм ах дүүд чинь байгааг санавал,
24 өргөлөө тахилын ширээний өмнө орхиод замаараа буц. Эхлээд ах дүүтэйгээ эвлэр, дараа нь ирж өргөлөө өргө.
25 Замд хамт яваа дээрээ арцалдагчтайгаа аль болохоор түргэн сайдах хэрэгтэй. Эс тэгвэл арцалдагч хүн чинь чамайг шүүгчид өгч, шүүгч түшмэдэд хүргэж, чи шоронд хаягдах вий.
26 Үнэнээр Би чамд хэлье, чи эцсийн кодрантыг төлтлөө тэндээс гарахгүй.
27 “Завхайрч болохгүй” гэснийг та нар дуулсан.
28 Харин Би та нарт хэлье, эмэгтэй хүнийг тачаадан харах хүн бүр зүрхэндээ түүнтэй хэдийнээ завхайрсан хэрэг юм.
29 Хэрэв баруун нүд чинь чамайг бүдрүүлбэл, ухаж аваад хая. Учир нь чиний бүтэн бие тамд хаягдсанаас биеийн чинь нэг эрхтэн байхгүй байх нь чамд дээр.
30 Хэрэв баруун гар чинь чамайг бүдрүүлбэл, тастаж хая. Учир нь чиний бүтэн бие тамд хаягдсанаас биеийн чинь нэг эрхтэн байхгүй байх нь чамд дээр.
31 Мөн “Хэн боловч эхнэрээсээ салбал салалтыг гэрчилсэн бичиг түүнд өг” гэж хэлсэн байдаг.
32 Харин Би та нарт хэлье, хэн боловч садар самуунаас өөр шалтгаанаар эхнэрээсээ салбал эхнэрээ завхайруулж буй хэрэг бөгөөд хэн боловч салсан эмэгтэйтэй гэрлэвэл завхайрч буй хэрэг мөн.
33 Эртний хүмүүст “Хуурамчаар бүү тангарагла, харин ЭЗЭНд амласнаа биелүүл” гэж хэлснийг та нар мөн сонссон.
34 Харин Би та нарт хэлье. Юугаар ч бүү тангарагла. Тэнгэрээр ч болохгүй, учир нь энэ нь Бурханы сэнтий юм.
35 Газраар ч болохгүй, учир нь энэ нь Түүний хөлийн гишгүүр юм. Иерусалимаар ч болохгүй, учир нь энэ бол аугаа их Хааны хот юм.
36 Толгойгоороо ч чи тангараглаж болохгүй, учир нь чи ширхэг үсийг ч цагаан юмуу хар болгож үл чадна.
37 Харин үг чинь “За, за” эсвэл “Үгүй, үгүй” байг. Эдгээрээс цааших нь муугаас гардаг хэрэг юм.
38 «Нүдийг нүдээр, шүдийг шүдээр» гэснийг та нар дуулсан.
39 Харин Би та нарт хэлье, хар санаатай хүнийг бүү эсэргүүц. Харин хэн баруун хацрыг чинь алгадна, түүнд нөгөө хацраа бас тавьж өг.
40 Хэрэв хэн нэг хүн чамтай заалдаж, цамцыг чинь авахыг хүсвэл дээлээ бас түүнд өг.
41 Хэн нэг хүн чамайг нэг бээр газар явахыг хүчилбэл түүнтэй хамт хоёр бээр яв.
42 Чамаас гуйсан хүнд өг, чамаас зээлэхийг хүссэн хүнээс бүү зайлсхий.
43 “Хөршөө хайрла, дайснаа үзэн яд” гэж хэлснийг та нар сонссон.
44 Харин Би та нарт хэлье. Дайснуудаа хайрла, та нарыг хавчдаг хүмүүсийн төлөө залбир.
45 Тэгснээрээ та нар тэнгэр дэх Эцэгийнхээ хүүхдүүд болно. Учир нь Тэр Өөрийнхөө нарыг хорон муу болоод сайн хүмүүс дээр мандуулж, зөвт болоод зөвт бус хүмүүс дээр бороо оруулдаг юм.
46 Хэрэв та нар өөрсдийг чинь хайрладаг хүмүүсийг хайрлавал, та нарт ямар шагнал байх вэ? Татвар хураагчид ч хүртэл үүнтэй адилыг хийдэг бус уу?
47 Хэрэв та нар зөвхөн ах дүүстэйгээ мэндэлбэл, бусдаас илүү юу хийж байгаа юм бэ? Харь үндэстнүүд ч хүртэл мөн ингэдэг бус уу?
48 Тиймээс тэнгэрлэг Эцэг тань төгс байдаг шиг та нар мөн төгс бай.
а нар хүмүүст харуулахын тулд тэдний өмнө зөвт байдлаа үйлдэхээс сэрэмжлэгтүн. Эс тэгвээс тэнгэр дэх Эцэгээс тань та нарт шагнал олдохгүй.
МАТАЙ 6;1-34
2 Тиймээс та нар өглөг өгөхдөө, хүмүүсээр хүндлүүлэхийн тулд синагогт ба гудамжинд хоёр нүүрт хүмүүсийн үйлддэгтэй адил өөрсдийн өмнө бүрээ бүү тат. Үнэнээр Би та нарт хэлье. Тэд шагналаа бүрэн авсан юм.
3 Харин та нар өглөг өгөхдөө, баруун гарынхаа юу хийж буйг зүүн гартаа бүү мэдэгд.
4 Энэ нь өглөг чинь нууц байхын тулд бөгөөд нууцаар харагч Эцэг чинь чамд буцааж төлнө.
5 Залбирахдаа хоёр нүүрт хүмүүс шиг байж болохгүй. Учир нь тэд хүмүүст харагдахын тулд синагогт ба гудамжны буланд зогсоод залбирах дуртай аж. Үнэнээр Би та нарт хэлье, тэд шагналаа бүрэн авсан юм.
6 Харин чи залбирахдаа дотоод өрөөндөө орж хаалгаа хаагаад, нууцаар оршигч Эцэгтээ залбир. Нууцаар харагч Эцэг чинь чамд буцааж төлнө.
7 Залбиран байхдаа харь үндэстнүүд шиг утгагүй хоосон үг бүү давт. Тэд нар олон үг хэлснийх нь төлөө Бурхан өөрсдийг нь сонсоно хэмээн боддог юм.
8 Тиймээс тэдэн шиг байж болохгүй. Эцэг тань та нарт юу хэрэгтэй байгааг гуйхаас чинь өмнө мэддэг.
9 Тиймд ийнхүү залбир.“Тэнгэрт байгаа бидний Эцэг минь,Таны нэр ариунаар дуурсгагдаг.
10 Таны хаанчлал ирэх болтугай.Хүсэл тань тэнгэрт шигээ газар дээр биелэгдэх болтугай.
11 Өдөр тутмын минь талхыг энэ өдөр бидэнд өгөөч.
12 Бид өртөнгүүдээ уучилсны адил бидний өрийг мөн уучлаач.
13 Биднийг сорилтод бүү оруулаач,Харин бузар муугаас гэтэлгээч.[Учир нь хаанчлал, хүч чадал, алдар сүр үүрд Таных. Амен]”
14 Учир нь, хэрэв та нар хүмүүсийн алдааг уучилбал тэнгэрлэг Эцэг тань та нарыг мөн уучилна.
15 Харин хэрэв та нар хүмүүсийг уучлахгүй бол Эцэг тань мөн та нарын алдааг уучлахгүй.
16 Чи мацаг барихдаа хоёр нүүрт хүмүүс шиг бүү баргар царайл. Учир нь тэд мацаг барьж байгаагаа хүмүүст харуулахын тулд нүүр царайгаа барайлгадаг байна. Үнэнээр Би та нарт хэлье, тэд шагналаа бүрэн авсан юм.
17 Харин та нар мацаг барихдаа толгойгоо тослоод, нүүрээ угаа.
18 Ингэснээр та нар мацаг барьж байгаагаа хүмүүст харуулахгүй, харин нууцаар оршигч Эцэгтээ харуулна. Тэгээд нууцаар хардаг Эцэг тань та нарт буцааж төлнө.
19 Газар дээр өөрсдөдөө эд баялаг бүү хураа. Тэнд хивэн хорхой болоод зэв идэж сүйтгэдэг, хулгайч эвдэж ороод хулгайлан авдаг аж.
20 Харин тэнгэрт эд баялгийг өөрсдөдөө хураа. Учир нь тэнд хивэн хорхой болоод зэв идэж сүйтгэдэггүй, хулгайч ч эвдэж ордоггүй, хулгайлдаггүй.
21 Та нарын эд баялаг хаана байна, зүрх сэтгэл чинь бас тэнд байх болно.
22 Нүд бол биеийн дэнлүү мөн. Хэрэв нүд чинь цэвэр бол бүтэн бие чинь гэрлээр дүүрэн байх болно.
23 Харин нүд чинь муу бол бүтэн бие чинь харанхуйгаар дүүрэн байх болно. Иймд хэрэв чиний доторх гэрэл нь харанхуй байх юм бол, тэрхүү харанхуй нь юутай их вэ!
24 Хэн ч хоёр эзэнд үйлчилж чадахгүй. Тэр нэгийг нь үзэн ядаж, нөгөөг нь хайрлах болно. Эсвэл нэгээс нь зуурч, нөгөөг нь зэвүүцнэ. Та нар Бурхан болоод эд баялагт хоёуланд нь зэрэг үйлчилж чадахгүй.
25 Ийм учраас Би та нарт хэлье. Амийнхаа төлөө юу идэх билээ, юу уух билээ гэж бүү санаа зов. Биеийнхээ төлөө юу өмсөх билээ гэж ч бүү санаа зов. Амь нь хоолноос, бие нь хувцаснаас илүү биш үү?
26 Тэнгэрийн шувуудыг хар. Тэд тариа тарьж ч, хурааж ч, саравчинд хадгалдаг ч үгүй боловч тэнгэрлэг Эцэг тань тэднийг тэжээдэг юм. Та нар тэднээс үлэмж илүү үнэ цэнэтэй биш үү?
27 Та нараас хэн чинь санаа зовсноороо өөрийнхөө өндрийг ганц тохойгоор нэмж чадах вэ?
28 Та нар юунд хувцас хунарт санаа зовно вэ? Талын сараана цэцэг хэрхэн ургаж буйг ажиглаач. Тэд ажил хийдэггүй, утас ч ээрдэггүй.
29 Гэвч Би та нарт хэлье. Соломон хаан ч сүр жавхлантай байхдаа эдгээр цэцэгсийн аль нэг шиг хувцаслаагүй юм.
30 Өнөөдөр ургаж, маргааш зууханд хаягдах хээрийн өвсийг Бурхан ийнхүү гоёдог бол, та нарын төлөө Тэр түүнээс хавьгүй илүүг хийхгүй гэж үү, итгэл багатай хүмүүс ээ?
31 Тиймээс “Бид юу идэх билээ?”, “Юу уух билээ?”, эсвэл “Юу өмсөх билээ” гэж бүү санаа зов.
32 Харь үндэстнүүд энэ бүх зүйлсийг чармайн хайдаг. Тэнгэрлэг Эцэг тань та нарт энэ бүхэн хэрэгтэйг мэддэг юм.
33 Харин эхлээд Түүний хаанчлал болон Түүний зөвт байдлыг хайгтун. Тэгвэл энэ бүхнийг та нарт нэмж өгөх болно.
34 Тиймээс маргаашийн төлөө бүү санаа зов. Учир нь маргааш маргаашдаа санаа тавих болно. Өдөр бүрийн зовлон тухайн өдөртөө хангалттай.
үүгдэхгүйн тулд чи бүү шүү.
МАТАЙ 7;1-29
2 Учир нь та нар яаж шүүнэ, түүнчлэн шүүгдэнэ. Та нарын хэмжүүрийн жишиг өөрсдийг чинь хэмжинэ.
3 Чи ах дүүсийнхээ нүдэн дэх үртсийг хардаг атал яагаад өөрийн нүдэн дэх дүнзийг анзаардаггүй юм бэ?
4 Эсвэл, өөрийн чинь нүдэнд дүнз байх атал ах дүүстээ “Нүднээс чинь тэр үртсийг аваад өгье” гэж хэлнэ гэж үү?
5 Хоёр нүүрт хүн чи, эхлээд нүднээсээ дүнзээ авч хая, тэгвэл чи ах дүүгийнхээ нүднээс үртсийг авч хаяхдаа сайн харах болно.
6 Ариун юмыг нохдод бүү өг. Өөрсдийн сувдыг гахайны өмнө бүү хая. Тэд түүнийг хөл дороо гишгэчихээд, эргэж чамайг хэсэглэн тастчих вий.
7 Гуй, тэгвэл та нарт өгнө. Хай, тэгвэл та нар олно. Тогш, тэгвэл та нарт нээгдэнэ.
8 Гуйдаг хүн бүр авна, эрж хайдаг хүн олно, тогшдог хүнд нээгдэнэ.
9 Хүүгээ талх гуйхад чулуу өгдөг хүн та нарын дунд байна уу?
10 Эсвэл, загас гуйхад нь түүнд могой өгөхгүй биз дээ?
11 Хэрэв та нар бузар атлаа хүүхдүүддээ сайн бэлэг өгөхөө мэддэг бол тэнгэр дэх Эцэг тань Өөрөөс нь гуйдаг хүмүүст илүү сайныг өгөх нь дамжиггүй бус уу?
12 Тиймээс та нар хүмүүсийг өөрсдөдөө хэрхэн хандаасай гэж хүссэнээрээ л өөрсдөө ч тийнхүү тэдэнд ханд. Энэ бол Хууль болоод Эш үзүүлэгчид мөн.
13 Нарийн хаалгаар ор. Учир нь сүйрэл уруу татан оруулдаг хаалга нь өргөн, зам нь уужим юм. Олон хүн түүгээр тийшээ ордог.
14 Амь уруу хөтөлдөг хаалга нь жижиг, зам нь нарийн юм. Цөөхөн хүн түүнийг олдог.
15 Хуурамч эш үзүүлэгчдээс болгоомжлогтун. Тэд хонины арьс нөмрөн та нар уруу ирэх боловч дотроо хомхой чононууд юм.
16 Та нар тэднийг үр жимсээр нь танина. Өргөст бутнаас усан үзэм, халгайнаас инжир хураадаггүй биз дээ?
17 Үүнчлэн сайн мод бүрээс сайн үр жимс ургадаг. Харин муу модноос муу үр жимс ургадаг.
18 Сайн мод муу үр жимс ургуулж үл чадна, муу мод ч сайн үр жимс ургуулж үл чадна.
19 Сайн үр жимс ургуулдаггүй аливаа модыг огтолж галд хаядаг.
20 Ийнхүү та нар тэднийг үр жимсээр нь танина.
21 Намайг “Эзэн минь, Эзэн минь” гэсэн болгон тэнгэрийн хаанчлалд орохгүй. Харин тэнгэрт байгаа Миний Эцэгийн хүслийг биелүүлдэг хүн орно.
22 Тэр өдөр Надад олон хүн “Эзэн минь, Эзэн минь, бид Таны нэрээр эш үзүүлж, Таны нэрээр чөтгөрүүдийг хөөж, Таны нэрээр олон гайхамшгуудыг үзүүлж байсан биш билүү?” гэж хэлэх болно.
23 Тэгэхэд нь Би тэдэнд “Би та нарыг огт танихгүй юм байна. Ёс бусыг үйлдэгч та нар Надаас зайл” гэж хэлнэ.
24 Тиймд эдгээр үгсийг минь сонсоод, үүний дагуу үйлдэгч аливаа хүн хадан дээр байшингаа барьсан мэргэн хүнтэй зүйрлэгдэнэ.
25 Бороо орж, үер буун, салхи салхилж, байшинг нүдсэн боловч тэр нь нурсангүй. Учир нь байшин хадан дээр суурилагдсан байв.
26 Эдгээр үгсийг минь сонсоод, үүний дагуу үл үйлддэг аливаа хүн элсэн дээр байшингаа барьсан мунхаг хүнтэй зүйрлэгдэнэ.
27 Бороо орж, үер буун, салхи салхилж, байшинг нүдсэнд байшин нурав. Эвдрэл нь асар их байлаа гэв.
28 Тэгээд Есүсийг үгээ хэлж гүйцмэгц олон түмэн Түүний сургаалыг гайхаж байлаа.
29 Тэр хуулийн багш нар шиг нь бус, эрх мэдэлтэй нэгэн шиг тэдэнд зааж байв.